Saturday, December 18, 2010

НЭГ ЯЛААН-д зориулан бичив.

Тахианы 1 хоромтой өндөгийг
Тавган дээр шарж тавиад
Амтархан идэхийн жаргалыг
  Дохионы хэлээр болон төрөлх хэлээрээ
  Дахин дахин хараал урсган байж нялхсаа дээрэмдүүлсэн
  Эх тахианы зовлонтой цуг идэхэд хачин таатай....
Арьсаа хуулуулаад сүнснүүд нь дэргэд мөлхөх
Амьтсын өмнөөс халууцан
Агаар салхинд түүнийг нь өөрийн юм шиг
Илбэн таалуулж алхах хачин таатай
  Чигчий хурууны санаандгүй хөдөлгөөнд оногдож
   Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн
   Бичил биетнүүдийг
   Ялааны алуур мэтээр алах гэж хөөсөн
   Алтан цагтаа харамсан үе үе шүүрс алдах хачин таатай
Хутга сэрээний хайр сэтгэлийн тухай
Худал хуурмаг жүжгийг биен дээр нь хэрхэн тоглуулдаг тухай
Хөөрхий тахиа,гахай,хонь,үхэр гэх мэтүүдийн
Хойдхийг дурсан хоол идэх  нэн таатай
   Ямар нэг шалтгаанаар нөгөө ертөнцийн хаалгыг
   Нээж нэг үзвэл
   Үзэн ядалтаас илүү баярласан адгууснууд
   Тэвэрч,тойрч бүчинэ....
   Тэгээд тэндээ үлдмээр санагдахад
   Тэд хичнээн их өлссөнөө санана.......
2010 оны 12 сарын 17 ны шөнийн 04:21-т саяхан өрөөн дотор нисч байгаад хаашаа ч юм алга болсон НЭГ ЯЛААН-д зориулан бичив.

Би согтох шиг

Халуун янаг уруул мэт цаг хугацааг
Хэзээ ч үнсэж амжилгүй алдах шиг
Сэрэл мэдрэхүй мэт орон зайг
 Өдөөж чадалгүй өнгөрөөх шиг
          Тийм гашуун
Хүслэнт шунаг бие айсуй мэт саран цухуйж
Хөшиг мэт дүнсгэр үүлс халхалахад
Хүсэл тачаалын гал мэт салхин
Хормой доороос исгэрэн алсарах шиг
           Тийм нясуун
Амьсгаадан мансуурах янаглал мэт шөнийг
Аяархан хуруугаараа дарж унтраах шиг
Ганцаардлын сархад мэт чамайг
Гурвантаа өөртөө хундаглан тогтоолоо
Бодол энгэр дагаж исээд
Би согтох шиг
           Тийм хоосон.....


Мөнх үлдэнэ.......

Цаг хугацааны гурвалжинг атгаад
Цааш одохгүй,шоргоолжны нүхэнд би
 300 жил бясалгана
Хүслээсээ өөрийгөө оргуулж
Харанхуй гунигшилд-
-Өнгөний тухай үлгэр ярьж өгнө
Уйдтал нь ярьж өгнө
Хайр сэтгэл
Хөх өнгөтэй тухай
Янаг амрагийн явдал
Цагаан өнгөтэй  тухай
Хагацал гуниг  улаан өнгөтэй тухай
Хүн ногоон өнгөтэй тухай
Домог зохиож ярина
Зохиосон домогоо
Манай Дараагийн Эриний
Мэдрэмж, МЭДРЭМЖ гэж нэрлэнэ
Цаг хугацааны гурвалжинг атгаад
Цааш одохгүй,шоргоолжны нүхэнд би
Мөнх үлдэнэ.......

Хэн нэгэн-д

Уруулаа будах шалтгаан
  1.Уруулан дээрээ инээмсэглэлийг чинь зураад
     Уйтгарлах бүртээ харах гэж л
 Уруулаа будах шалтгаан
  2. Уруулынхаа хээг
      Үнсэж байх үеийн мэдрэмжэйгээ цуг
      Үлдээх гэж л
Уруулаа будах шалтгаан
  3. Ганцхан чиний энгэрт үлдсэн
      Улаан будаг
Гарцаагүй минийх гэдгийг өөртөө сануулах гэж л
                                  ***
Орь,дотроос хайлсан өөрийн минь шаналан
Гадагшлахдаа........гарцаагүй намайг ганцаардуулна 
Дотроос хашгичсан хэлгүй он жилүүд минь
Өчигдрийн цуурай мэт,ирэх өдрүүдэд
Нулимсаар хөшүүлж, сэтгэлд хатна
Яахан догдлолоо булшилж зүрхлэнэ????
                                      ***
Уйлаад л уйлаад л....тоглох дургүй тоглоомоо алдчихаад
Уйлаад л уйлаад л....
Минийх л юм болохоор нь тэгтлээ их үгүйлсэн юм байлгүй
                                     ***

Хэн нэгэн-д

Хамгийн гүн мэдрэмжийг чинь
Хамгийн сүүлд нь өөртөө хундагалаад
Дусал бүрээр нь хороож
Дуугүйхэн,ахин дахин амталдаг
Дараа нь нулимс гэж хашгираад
Унагадаг,чам дээр........
                              ***
Талхны үйрмэг мэт бодлуудыг чинь
Бор шувуу мэт хэрхэн түүж иддэг тухай
Тэгээд түүндээ хэрхэн цадаж
Хэзээ нь өлсдөг тухай....
Исгэлэн чихэр мэт дотоод ганцаардлыг чинь
     Хүлхэж,би мэт ишийг нь гаргаад
     Түүнээ гарт чинь атгуулах тухай
     Би бодож,бодолдоо хатаж зүрхээ ажиллуулаад
Цоожтой, орон зайтай өрөө мэт зүрхэнд чинь
Цаг хугацааны түлхүүр тааруулах гэж оролдсоор
Хугалж үлдээгээд
Дараагийн түлхүүрэнд хэрхэн багтах зай үлдээхгүй байх 
                                                                                       тухай
Солгой гараараа бичсэн мэт уйсалыг чинь
Баруун гараараа бичсэн болгож ойлгохоор
Базаж хаясан зарим өчигдрөөс чинь үнэнг, ахин дахин эрэх 
                                                                                           тухай
Би бодож,бодолдоо хатаж зүрхээ ажиллуулсаар
   БИ-г би биш ЧИ гэж нэрлээд
   Бүдэг бадагхан маргаашт хэрхэн мэдрүүлэх тухай
   Би бодож,бодолдоо хатаж зүрхээ ажиллуулсаар
Ургаж байгаа биш унаж байгаа навчсанд хайртай
Тэртээ дээрээс үүлс анихад, урсдаг нулимсанд дуртай
Би зоргоор,........торноосоо алдуурахыг хүсдэггүй эрх чөлөөтхөн
Холын бодлуудаар дүүрсэн аяны богцоо тайлж дэргэд чинь амраад
Хаа нэгтээгээс сэвэлзэх үнэний сэвшээг эмхэрдэж
Хачин гүн шаналалын, эмтэрхийг чинь бөхлөөд
Ганцхан чиний сэтгэлийг нөхөх оёдолчин болмоор
“Өчигдөр гэдэг” ёроолгүй гүн рүү чулуу......шидэж тоглоод
Өдөржин дэргэд чинь хайрын тухай дуу аялмаар
Нар шингэхэд
Надаас юу тасарч түүнтэй хамт жаргадаг тухай
Чиний дургүй чихэр-
-Хичнээн гашуун болохоор-
-Би дуртай тухай
Чиний мартахыг хүсдэг бүхнийг
Би бас мартуулахыг хүсэж байгаа тухай
Зүгээр л зөн совингоороо ойлголцмоор.....
Торноосоо алдуурсан ч хол нисдэггүй
Эрхгүй-
-Эрх чөлөөтхөн би
Чиний л дэргэд баймаар байна....

Яаж? Яаж?

Яаж өөрөөсөө хувьсаж
Яг чиний нүдээр уран зураг тайлах
Яаж өөрөөсөө алдуурч
Яг чиний зүрхээр догдлол мэдрэх
   Яаж? Яаж?
Яаж өөрөөсөө татгалзаж
Яг чиний нулимсаар мэгших
Яаж өөрөөсөө хагацаж
Яг чиний гунигаар уйсах
   Яаж? Яаж?
Чин үнэний цог харцаа
Өмнө минь бөхийлгөх агшинд
Чиний бүхнээс тасалж
Өөрөөсөө чөлөөлөгдөх.............

Just to feel

Just to feel,  my eyelid to do dampen in your teardrop
Just to feel, my smile to do break up in front of  your eyesight
Just to feel, my heartiness to do grieve in front of your  sadness
Just to feel,my inside to do mellow in front of your loneliness
Just to feel the moment that you and me dissolve each other Орчуулваас:
Зүгээр л мэдэр,миний аньсага чиний нулимсанд чийгтэхийг
Зүгээр л мэдэр,миний инээмсэглэл чиний харцны өмнө хагарахыг
Зүгээр л мэдэр,миний чин сэтгэл чиний гунигийн өмнө ганихарахыг
Зүгээр л мэдэр, миний дотоод орон зай чиний ганцаардлын өмнө       бүдгэрэхийг
Зүгээр л мэдэр, чи бас би өөр хоорондоо уусах энэхэн агшинг........

Надад гуниглах шалтгаан байхгүйд би гуниглаж байна.

Надад гуниглах шалтгаан байхгүйд би гуниглаж байна.Өө миний, муу-сайнаар дүүрсэн Солгой орон зай минь.....Тамхиа зуучихаад санаа алдах шиг ганихрал минь....Надаас ниссэн уй,жаргалан,хэн бүхний  араас даллаж инээмсэглэсэн он цагууд минь.....Хичнээн их бодолтой минь зэрэг шатаж тархинд утаатайгаа нэвчсэн тамхи минь...Гангар шаазан шиг хагарсан ч,гадагш  алдуураагүй итгэл минь.....Солиорлын хаалган дээр гар бариад зөрсөн согтуу мөрөөдлүүд минь...Хэний ч мэдэхгүй нот зохиож,хэзээ ч билээ сэтгэлд концерт тоглуулсан ховорхон дурлалууд минь....Галзуурах ганцхан шалтгаан болдог бадрангуй бахархлууд минь....Сэрэл мэдрэмжийн зуурдын шалтгаан тачааллууд минь...Агшин бүрийг надад мэдрэмж болгон хөглүүлдэг сэтгэлгээ минь....Ай даа сайхан амьдрал минь....Надад хааяа ч гэсэн гомдох шалтаг хайрла...Ганцаардал намайг хүмүүжүүлж,гарт минь гал бариулж өөрийн минь гүн дэхь уурхай руу алхах боломж өгсөн....Надад гуниглах шалтгаан байхгүйд би гуниглаж байна...
 

Солиорох юмсан....

Галзууртлаа эрүүл байж үзэх юмсан
Ганц,ганцаас гал тасдаж галав юүлтэл түүдэг өрдөх юмсан
Нар сарыг нүцгэлж солонгонд дүрэх юмсан
ЦАГ,цаг хугацааг нортол цас оруулах юмсан
   Үхлийг өөртөө дурлуулж,намрын өнгөөр будах юмсан
   Үүргэвчтэй амьдралыг сугавчлаад, даяанчлах юмсан
   Цоорхой ертөнцөөр дуслах уйсахуйн шаналанг
   Цонх, орон зайд хэлбэрдэж хагачих юмсан
Баллуур,баллуургүй дурсамжыг шатааж-
-Баагиулж утаанд нь мансуурах юмсан
Хэрээ тагтаа 2 шиг хэт эртний андууд
Хэзээд намайг манах
Худал үнэнг үнсэж,үнгэж
Хуучинсаг би-тэй болзоонд алхах юмсан
   Сэрэн сэртлээ сэтгэлгээний мухарт
   Сэрээ бариад өөрлүүгээ махсах юмсан.........

Ганцаардал

Цор ганцхан хором-ыг
Олны дундаас түүхүйд
Эд эсээрээ ганцаардах
     Цор ганцхан эгшин-г
     Олны дундаас мэдрэхүйд
     Өөрийнхөө дотор завилан суух
Сүүдэр-ээ тэмтчин зовлонг нь  мэдрэхээр 
Өөрийн шаналанг оюун бодлоосоо сугалахуйд
Ухаарахуйн амгалан ойртон буйг ойлгох
     Бороо мэт шаагих их гуниглалууд-
    -Дусал бүрээрээ  онож
    Өнгөрснөөс өөрийг минь эсгэхүйд-
    -Сүнс минь, эрэхүйн орон зайд төөрөх
Өөриймсөг жаргал алсаас инээмсэглэн
Өд мэт хөнгөрч алсад одохуйд
Надаас эргэх  бүхэнд шүүрч өгөөд
Араас нь ширтэн хоцрохуй
      Ганцаардал гэх, бие өргөлийн орон зайд
      Оршлоо нэхэн бүдрэхүй
      Ганцаардал гэх, сэтгэлийн сүүн жимд
      Одохоо мэдэн зөгнөхүй....................

Одоо цагын би-г тэмтчихдээ

Ичимхий жаргал үүрэх дургүй уйтгарт  цүнхний минь ёроолд
Аз атгаад ганцаардаж суусныг
Гялгар,цалгар шалтгаангүй зовлонгийн
Ганц цайны цүнхнээсээ уйдахдаа л мэдлээ
    Хувь тавилангийн бор тагшаа
    Бурханы мутардах болор хундагаар сольчихоод
    Булингартан урсах мухар бодлын орон зайгаас
    Үнэнийг хутгахаар зүтгэн гараасаа алдахдаа л мэдлээ
Хуучны өнгөгүй дурсамжит дэвтрээ
Хээ хуартай маргаашийн тухай үнэрхлээр гоёсон
Хэтэрхий чамин худлын наадаг зургаар сольсноо
Хэрэгтэй гээд нугалсан
Хүн чанарын шаргал хуудаснаас
Өөрийгөө гарчиглан суухдаа л мэдлээ
    Он цагын цөөрөм рүү өнгийхдөө
    Орших ганцхан шалтгааны-
    -Хэлхээс мөн чанараа гээсэн гэдгээ
    Одоо цагын би-г тэмтчихдээ  л ухаарлаа...

Нуугдаж тоглосон

Хүрэмээ тайлаарай,хүн чанараасаа бусдыг бас тайлаарай
Хүйтэн байсан ч жиндэхгүй ээ
   Нүгэлтний өмнө нүгэл ичээгүй байхад
   Нүүрээ битгий дар
Залхмаар,залхаад зугтмаар гансарсан үнэн
Зуу тоолно гэж байна нуугдацгаа
Өнгөгүй,....өнгөтэй хар цагаан
Өөрийгөө битгий илчлээрэй
Хүслийнхээ цаана,хаалганы ард
Хэн нэгний дотор үлдчихсэн
    Хүнийг,олж эрэх гэж хичнээн тооловдоо
    Хоёр мянга арав......
Surreal Art 53 Pictures, Images and Photos

Тэнд л амар амгалан

Урт их бодол-оо
Утаан дунд хөврүүлж
Ганцаардлаа хугачин
Галд цучил нэмж халууцаад
Нар алсарах хүртэл
Зоргоороо амьдармаар
Моддын мөчир даган гүйх эрх чөлөөний тухай
Магад хэтэрхий эрт хэн нэгэн яриад өгчихсөн болохоор
Маргааш-
-Дүнсгэр амгалан руу мөлхмөөр
Үхэл,зовлон 2 биесээ муулж
Жаргалын тухай бодолоо нуун
Дэргэд минь суух зуураа санаа алдах
Миний гунигаар, будсан намар
Хэн нэгний гунигаар будсан, өвлөөр солигддог
Жам,.....жамын ертөнцөд
Өөрийнхөө тод бүхнээс ангижирч
Тусгал нь бүдэгхэн цөөрөм лүү өнгиймөөр
Тэнд л амар амгалан,тэгээд өөрийнхөөрөө......
Тэнд л амар амгалан,тэгээд өөрийнхөөрөө......

Би тэдэнд юу ч зориулаагүй

Өөрийгөө хүлцэх гэж ганцаардсан
Дотоод шаналан минь 
Орь ганц сэтгэлийн гүн дэхь
Дотоод шалтгаан  минь
   Элсэн цагаас тасарч үлдсэн
   Ширхэг цаг хугацаа минь
   Эндээс цааш алхах
   Сэтгэхүйн хөдөлгүүр минь
Бодьгалаас асч бодьгалд нөгчих
Бодит, сүнслэг орон зай минь
Бурхан чөтгөрт л битгий тоогдоорой
Би тэдэнд юу ч зориулаагүй
Яруусал минь...........

Бийр будаггүй зураачдын...

Эцгийн минь атганаас алдуурсан
Хэлбэртэй хэлбэргүй цагын чулууг
Газарт унахаас урьтаж
Гартаа атгахаар ээж минь учирсан 
Ганцхан нар сэтгэлд илчгүй
  Гээгдэж өнгөрсөн зуурдын дэнсийг
  Эн тэнцүүлэх  гэж
  Тэндээс энэ хүрэх,тэгээд цааш алхах
  Тавилангийн мөн чанарыг хүртээх гэж
  Эцэг эх минь сүйн жим холбосон
Он жилүүдийн араас нэхэж
Орон зайн дутууг нөхөх гэж
Орь ганцын сүүлч дээр
Ижилсэхийн утга
Ижий аав болсон
    Түүдэг бөхөж,насны нуруу алжаахын цагт
    Түнэрийн тэртээд өчүүхэнг дүүргэх гэж
    Өчигдөрөөс тасдаж,өнөөдрийн,маргаашд
    Өөрсдийнхөө үргэлжлэлийг зурсан
    Бийр будаггүй зураачдын
    Бэхний ч дусалгүй хүний хэлтэрхий
    Би маргаашийн бас тэдний
    Орших,одохын шалтгаан нь....