Thursday, January 20, 2011

АМЬДРАЛ САЙХААН

Амьдрал энгийн мэтээр өрнөж байгаа нь сайхан.Хэн нэгнээс дээр амьдарч байгаадаа, хэн нэгнээс илүү эрүүл байгаа даа,хэн нэгнээс илүү залуу байгаа даа, хэн нэгнээс илүү таашаал мэдэрч яваадаа,хэн нэгнээс илүү юм юмтай даа гэж бодолгүй харин ч тэдгээр хэн нэгнүүдтэй адилхан өөрийн гэсэн оршихуйтай ЗҮГЭЭР Л СЭТГЭЛ ХАНГАЛУУН амьдарч байгаадаа  САЙХАН байна...Гуниглах,уйлах,өвдөх,инээх,догдлох,ганцаардах,мэдрэх гээд өөрийгөө чимхээд авахад бодит оршин байгаа энэ БИ....ҮНЭН учраас сайхан байна.Би хэний ч замналаар замнаагүй...Хэн ч байсангүй...БИ ЗӨВХӨН БИ БАЙЖ чадаж байгаадаа л, миний амьдрал сайхан байна.Бухимдах,шантрах үе байхыг алийг тэр гэхэв...Гэхдээ бас тийм бодол төрж байгаа нь ч сайхан.Энэ бүхэн намайг амьд байгааг гэрчлэнэ бас мэдрүүлнэ.Миний хуваагдал бүр нэгэн ЦӨМ ОЙЛГОЛТ....
Хэцүү бүхнийг ойшоодогтоо, өөрийгөө хэмлэдэгтээ би өөртөө ТАЛАРХНАМ...
Амьдрал ийм л сайхан байна...Үхэх хүртлээ цаг хугацаа, орон зайгаас  өөрийн гэсэн бүхнээ бодитоор мэдэрч,амсаж амьдрах нь нэн таатай.
Гадаа, цас хэлээ хазаад л чимээгүй будрах нь....Одоо энэ бичлэгээ бичээд үл мэдэгхэн инээмсэглэж суух нь хүртэл.....АМЬДРАЛ САЙХААН....АМЬД БАЙХ БҮР САЙХАН....

Таашаал-ын тухай ташаа бичлэг..

Хааяа энэ амьдралаас дуртай /ДУРГҮЙ/ зүйлүүдээсээ таашаал авч амьдрах хачин сайхан.Хичнээн жаргалтай.Үргэлж инээдэг дайснуудаа хайрлаад бүр дайсан шиг дайсан байж чадаж байгаад нь баяралмаар.Гэхдээ хүн хүндээ хэзээ ч дайсан болохгүй.Үзэн ядалт гэж миний хувьд бол байхгүй.Ерөөс энэ сэтгэлийн хөдөлгөөний сөрөг туйлуудаас ЦОР ганц ҮНЭН буюу "БАЙДАГ" зүйл нь ГОМДОХ юм.Түүнээ тултал нь араанд нь хийвээс үзэн ядалтын хэмжүүрт хүрэх авай.Гэвчиг хүмүүс Гомдол хэмээгчийг өөхшүүлэн давруулж өөртөө хуримтлуулан санаатайгаар үзэн ядалт болгож өөрийгөө болон бусдыг зовоож таашаал авдаг.Нухацтай бодоод задлаад авч үзвэл үзэн ядалт гэдэг нь зүгээр л өөрийгөө өрөвдөх,нөгөө үзэн ядмаар дайсан хэмээгчид тунирхан байгааг илтгэж байгаа юм.  Тиймээс үзэн ядах хэмээх энэхүү сүрхий нэр томъёо болоод үйл үгийг дотооддоо хэрэгжүүлэх тунчиг дургүй.  Амьдралд өөрийг чинь унагаж,өргөж байгаа муу муухай болоод сайн сайхан зүйлээс бүгдээс нь мэдрэмжийг /мөн тодорхой зүйлүүд дээр ТААШААЛ/ авч чаддаг байх хэрэгтэй.Би нудист,садист биш шүү.  Гунигаас,өвдөлтөөс,ганцаардлаас,зовлонгоос,.....хайраас,сексээс,дурлалаас, гээд ер нь хүнийг амьдруулахад хийгээд үхүүлэхэд хүргэдэг тэдгээр зүйлүүдээс сургамж,мэдрэмж,таашаал 3-ыг зэрэг авч чаддаг байх нь хамгаас сайхан төдийгүй хамгаас муухай.
Өндөрөөс өөрийгөө түлхээд 
-унаад л унаад л 
Өөрөө дор нь зогсоод
Өөрийгөө тосоод 
Унаж байх үеийн мэдрэмжийг
Унах гэж байх үеийн мэдрэмж 
Уначихлаа гэж бодсон үеийн мэдрэмж 
Өөрийгөө тосож авах үеийн мэдрэмжтэй цуг 
Өөр дээрээ унагахад хачин их таашаал авсан..... 
Ийм сайхан таашаалыг
-мэдэрч байхдаа ч бас 
ТААШААЛ авч байсан....

Тайтгарлаар шагнав.

Хэтэрхий гунигтай...Гэхдээ инээмээр...
Хэтэрхий баяртай....Гэхдээ уйлмаар.....Яагаад эсрэг туйлууд давхцдагыг ойлгож байгаа мөртлөө...Чихээ бөглөөд сонсмооргүй байна гээд зөрүүдэлж байгаа мэт ойлгоогүй царайлах....
Яагаад би Хэн нэгнүүд намайг хүрээлж байхад  Ганцаарддаг юм бол? Яахав дээ? энэндээ дуртай болоод л тэр биз.....Зүгээр л ганцаардлаар бороо,цас оруулж...ганцаардлаар тэжээгдэхийг хүсдэг болохоор тэр...Гэтэл бодит ертөнцөд би ганцаардмал биш....Надад ,,,нөгөө хэн,,,,бас нөгөө хэнүүд...хэн хэн байгаа...
Заримдаа хамгийн хайртай тоглоомоо дээрэмдүүлчихсэн балчир охин шиг цурхиртал уйлмаар./Нулимс гэдэг чинь нүдний хог арилгах зориулалттай/....
Заримдаа хөгжим сонсоод....Тийшээ нэвтрээд....ахиад бүр гүн рүү нь нэвтрээд...мансуураад....төсөөллийн орон зайдаа живмээр....Өөрийг минь өөр шиг минь мэдэрч чаддаг өөртөө л зориулж энэ бүхний тухай ярьж өгмөөр...Өөрийг минь өөр шиг минь мэдэж чаддаг өрөөлүүдэд энэ бүхнийг мэдүүлмээр....
Зүүрмэглэгч бүхэнд би дурланам...
Уруул тэврээд шөнөжин тэнгэрт эрхлэгч
Уйтгарт саран мансууран зүүрмэглэнэм
Магнайг минь үнэрлээд өдөржин санаа алдагч
Маргааш нэрт наран хөвж зүүрмэглэнэм
Цагын зүүг түлхэж инээмсэглэх
Цаг хугацаа бодолд минь зүүрмэглэнэм
Орь ганц хумхын тоос мэт би
Орчлон дээр ганцаардах шиг үнэгчлэн зүүрмэглэнэм......Сэрэхгүй унтахгүй...зүүрмэглэнэ....
Амьдрал ийн түлхэлцэн,таталцан....Нэмэх хасах шиг....үргэлжлэнэ...Иймд өөрийгөө тайтгарлаар шагнав.

Friday, January 7, 2011

Өөрийгөө үзэн ядаж,хайрладаг хүнүүдэд

Цаг хугацаа минь би чамайг
-өчигдөрт үлдэх бүрт чинь
-үгүйлж хайрладаг
Цас мэт хөнгөхөн шаналал
-өөрийг минь маргаашийн хаалгаар
-багтахгүй том болтол дарж хаялдагт
-гуниглаж хайрладаг
Зуурдаар намайг өөрөөс минь хагацаах
-солиотой бодлууддаа
-согтож, хайрладаг
Өдөр бүр өөдөөс минь инээмсэглэн угтдаг
-өнө эртний сүнслэг орон зайдаа
-өөрийгөө бүхлээр нь дүрээд
-нүцгэлж
-учирлаж хайрладаг
Хязгаартай, гүн мэдрэмжээ
-хясаж, шунаж
-хүсэж хайрладаг
Хэзээд өөрийгөө үзэн ядаж
-хагацаж
-хоёрын туйлд нэвчүүлэн байж
-хачин ихээр  хайрладаг....

Би-д зориулав

Зүүд тогшиж өр зүрхнээс алдуурсан
Зөн совингийн гунигт шувуухай минь
Зүгээр л далавчаа хумилгүй энгэрээс минь нис
    Харангадаж,сэтгэлийн  цөөрөм лүү минь шагайвал
    Хэдийнэ бүдгэрсэн өөрийгөө л олж харна
    Хэзээд минийх биш юм шиг өөрийгөө эрчилсээр
    Харанхуй бас гэгээн зүг од
Цаг хугацаанаас намайг битгий сураглаарай
Хэзээ ч билээ би өөрөө түүнийг зурсан юм
Тэр зүг мэдэхгүй,тэр тоолж чадахгүй тэр зүгээр л
Цаг хугацаа гэдэг нэртэй "би" юм
    Тэртээ гүнээс харцанд давалгаалсан
    Тийм.... нууцлагдмал хөх гуниг минь
    Тэргүүн он жилүүдийг хөшөөж
    Тэвэр мэт, аньсага зовхи хоёроос хагацаж
    Түүрхэн дотогш нэвчээд
    Тэндээс намайг даллаарай
Чиний зөөллөсөн тэр л замаар хөнгөхөн алхалсаар
Чинадын нууц оньсого мэт ертөнцдөө
Өөрийгөө тэврээд чичирхийлэх болно............ 

Нэр үгүй...

Нулимсаараа нүд зурж
Хагацал гэж нэрлээд
Эргэн тойрноо ажихад
Ахиж хэзээ ч уйлмааргүй санагддаг
   Хаашаа ч юм оддоггүй тэр шаналалаа
   Дурсамж гэж нэрлээд
   Маргааш нь санах тоолондоо
   Өчигдөрт, өөрийгөө булшлаад
   -төрсөн хийгээд үхсэн
   Өдөр, сар, онгүй
   -хүйтэн гантиг санаашрал, босгомоор санагддаг
Зүрхний хэмнэл түргэсэхийг
Хайр хэмээн нэрлээд
Зүс дотно нэгнүүдийг
-цохилтоор нь мэдрэхэд
Зүгээр л догдлол шиг санагддаг
   Өнөд биш, өөрийнхөө гэж өмчилсөн 
   Орон зайд зүүрмэглэж
   Өглөөний нараар амьдралынхаа мөчлөгүүдийг
   -тоолуулах бүрт
   Өөр хэн нэгнээр чимхүүлж
Цочин сэрмээр санагддаг
    Мөнхийн хэмээн бодож
    -сайхан амраарай гэж хэлдэг
    Миний хамгийн дургүй мөртлөө
    -хэзээд итгэсээр ирсэн
    Сансар огторгуйн гүнээс ч алс
    Тоосонцор, цаг хугацаа минь
    Бодлын эргүүлэгт намайг хувилгаан
    -болгож, бас тавладаг
     Би чиний боол юм
     Битгий баярла,бас
     ЭЗЭН чинь юм

Миний байнга харж мэдрэх дуртай зураг...Зураач Б.Орхонтуулын Зам хэмээх зураг...

Хэзээ ?

 Эртээ урьдын цаг гэж хэлэгдэх
 Энэ, дотоод ганцаардлын хуршмал он тооллыг
Хэзээ нэг хуанлын хуудас хэмээн нэрийдээд
Хожмоо ахин дахин сөхөж санаа алдах бол
  Мөрөөдөл мэт тийм хөнгөхөн инээмсэглэл
  Тольны тусгалаас сарниж
  Магад зурагнаасаа л олж харахдаа
  Чиний мэдэхгүй харцаар гуниглах байх
Миний асаасан тамхины утаа
Тэндээс энэ хүрээд
Хэн нэгний энгэрийн үнэртэй холилдон
Чиний өмнүүр замхарахыг хар дарсан зүүд гэж нэрлэм
Хэзээ энэ бүхнийг жаазлаад
   Вангог-ын зураг мэт нууцлагдмал хэвээр нь
Хана мэт орон зайд хадаж өлгөөд
Марталгүй ахин дахин харж инээмсэглэх бол
    Хэзээ,хэзээ..............