Saturday, December 18, 2010

НЭГ ЯЛААН-д зориулан бичив.

Тахианы 1 хоромтой өндөгийг
Тавган дээр шарж тавиад
Амтархан идэхийн жаргалыг
  Дохионы хэлээр болон төрөлх хэлээрээ
  Дахин дахин хараал урсган байж нялхсаа дээрэмдүүлсэн
  Эх тахианы зовлонтой цуг идэхэд хачин таатай....
Арьсаа хуулуулаад сүнснүүд нь дэргэд мөлхөх
Амьтсын өмнөөс халууцан
Агаар салхинд түүнийг нь өөрийн юм шиг
Илбэн таалуулж алхах хачин таатай
  Чигчий хурууны санаандгүй хөдөлгөөнд оногдож
   Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн
   Бичил биетнүүдийг
   Ялааны алуур мэтээр алах гэж хөөсөн
   Алтан цагтаа харамсан үе үе шүүрс алдах хачин таатай
Хутга сэрээний хайр сэтгэлийн тухай
Худал хуурмаг жүжгийг биен дээр нь хэрхэн тоглуулдаг тухай
Хөөрхий тахиа,гахай,хонь,үхэр гэх мэтүүдийн
Хойдхийг дурсан хоол идэх  нэн таатай
   Ямар нэг шалтгаанаар нөгөө ертөнцийн хаалгыг
   Нээж нэг үзвэл
   Үзэн ядалтаас илүү баярласан адгууснууд
   Тэвэрч,тойрч бүчинэ....
   Тэгээд тэндээ үлдмээр санагдахад
   Тэд хичнээн их өлссөнөө санана.......
2010 оны 12 сарын 17 ны шөнийн 04:21-т саяхан өрөөн дотор нисч байгаад хаашаа ч юм алга болсон НЭГ ЯЛААН-д зориулан бичив.

Би согтох шиг

Халуун янаг уруул мэт цаг хугацааг
Хэзээ ч үнсэж амжилгүй алдах шиг
Сэрэл мэдрэхүй мэт орон зайг
 Өдөөж чадалгүй өнгөрөөх шиг
          Тийм гашуун
Хүслэнт шунаг бие айсуй мэт саран цухуйж
Хөшиг мэт дүнсгэр үүлс халхалахад
Хүсэл тачаалын гал мэт салхин
Хормой доороос исгэрэн алсарах шиг
           Тийм нясуун
Амьсгаадан мансуурах янаглал мэт шөнийг
Аяархан хуруугаараа дарж унтраах шиг
Ганцаардлын сархад мэт чамайг
Гурвантаа өөртөө хундаглан тогтоолоо
Бодол энгэр дагаж исээд
Би согтох шиг
           Тийм хоосон.....


Мөнх үлдэнэ.......

Цаг хугацааны гурвалжинг атгаад
Цааш одохгүй,шоргоолжны нүхэнд би
 300 жил бясалгана
Хүслээсээ өөрийгөө оргуулж
Харанхуй гунигшилд-
-Өнгөний тухай үлгэр ярьж өгнө
Уйдтал нь ярьж өгнө
Хайр сэтгэл
Хөх өнгөтэй тухай
Янаг амрагийн явдал
Цагаан өнгөтэй  тухай
Хагацал гуниг  улаан өнгөтэй тухай
Хүн ногоон өнгөтэй тухай
Домог зохиож ярина
Зохиосон домогоо
Манай Дараагийн Эриний
Мэдрэмж, МЭДРЭМЖ гэж нэрлэнэ
Цаг хугацааны гурвалжинг атгаад
Цааш одохгүй,шоргоолжны нүхэнд би
Мөнх үлдэнэ.......

Хэн нэгэн-д

Уруулаа будах шалтгаан
  1.Уруулан дээрээ инээмсэглэлийг чинь зураад
     Уйтгарлах бүртээ харах гэж л
 Уруулаа будах шалтгаан
  2. Уруулынхаа хээг
      Үнсэж байх үеийн мэдрэмжэйгээ цуг
      Үлдээх гэж л
Уруулаа будах шалтгаан
  3. Ганцхан чиний энгэрт үлдсэн
      Улаан будаг
Гарцаагүй минийх гэдгийг өөртөө сануулах гэж л
                                  ***
Орь,дотроос хайлсан өөрийн минь шаналан
Гадагшлахдаа........гарцаагүй намайг ганцаардуулна 
Дотроос хашгичсан хэлгүй он жилүүд минь
Өчигдрийн цуурай мэт,ирэх өдрүүдэд
Нулимсаар хөшүүлж, сэтгэлд хатна
Яахан догдлолоо булшилж зүрхлэнэ????
                                      ***
Уйлаад л уйлаад л....тоглох дургүй тоглоомоо алдчихаад
Уйлаад л уйлаад л....
Минийх л юм болохоор нь тэгтлээ их үгүйлсэн юм байлгүй
                                     ***

Хэн нэгэн-д

Хамгийн гүн мэдрэмжийг чинь
Хамгийн сүүлд нь өөртөө хундагалаад
Дусал бүрээр нь хороож
Дуугүйхэн,ахин дахин амталдаг
Дараа нь нулимс гэж хашгираад
Унагадаг,чам дээр........
                              ***
Талхны үйрмэг мэт бодлуудыг чинь
Бор шувуу мэт хэрхэн түүж иддэг тухай
Тэгээд түүндээ хэрхэн цадаж
Хэзээ нь өлсдөг тухай....
Исгэлэн чихэр мэт дотоод ганцаардлыг чинь
     Хүлхэж,би мэт ишийг нь гаргаад
     Түүнээ гарт чинь атгуулах тухай
     Би бодож,бодолдоо хатаж зүрхээ ажиллуулаад
Цоожтой, орон зайтай өрөө мэт зүрхэнд чинь
Цаг хугацааны түлхүүр тааруулах гэж оролдсоор
Хугалж үлдээгээд
Дараагийн түлхүүрэнд хэрхэн багтах зай үлдээхгүй байх 
                                                                                       тухай
Солгой гараараа бичсэн мэт уйсалыг чинь
Баруун гараараа бичсэн болгож ойлгохоор
Базаж хаясан зарим өчигдрөөс чинь үнэнг, ахин дахин эрэх 
                                                                                           тухай
Би бодож,бодолдоо хатаж зүрхээ ажиллуулсаар
   БИ-г би биш ЧИ гэж нэрлээд
   Бүдэг бадагхан маргаашт хэрхэн мэдрүүлэх тухай
   Би бодож,бодолдоо хатаж зүрхээ ажиллуулсаар
Ургаж байгаа биш унаж байгаа навчсанд хайртай
Тэртээ дээрээс үүлс анихад, урсдаг нулимсанд дуртай
Би зоргоор,........торноосоо алдуурахыг хүсдэггүй эрх чөлөөтхөн
Холын бодлуудаар дүүрсэн аяны богцоо тайлж дэргэд чинь амраад
Хаа нэгтээгээс сэвэлзэх үнэний сэвшээг эмхэрдэж
Хачин гүн шаналалын, эмтэрхийг чинь бөхлөөд
Ганцхан чиний сэтгэлийг нөхөх оёдолчин болмоор
“Өчигдөр гэдэг” ёроолгүй гүн рүү чулуу......шидэж тоглоод
Өдөржин дэргэд чинь хайрын тухай дуу аялмаар
Нар шингэхэд
Надаас юу тасарч түүнтэй хамт жаргадаг тухай
Чиний дургүй чихэр-
-Хичнээн гашуун болохоор-
-Би дуртай тухай
Чиний мартахыг хүсдэг бүхнийг
Би бас мартуулахыг хүсэж байгаа тухай
Зүгээр л зөн совингоороо ойлголцмоор.....
Торноосоо алдуурсан ч хол нисдэггүй
Эрхгүй-
-Эрх чөлөөтхөн би
Чиний л дэргэд баймаар байна....

Яаж? Яаж?

Яаж өөрөөсөө хувьсаж
Яг чиний нүдээр уран зураг тайлах
Яаж өөрөөсөө алдуурч
Яг чиний зүрхээр догдлол мэдрэх
   Яаж? Яаж?
Яаж өөрөөсөө татгалзаж
Яг чиний нулимсаар мэгших
Яаж өөрөөсөө хагацаж
Яг чиний гунигаар уйсах
   Яаж? Яаж?
Чин үнэний цог харцаа
Өмнө минь бөхийлгөх агшинд
Чиний бүхнээс тасалж
Өөрөөсөө чөлөөлөгдөх.............