Эцгийн минь атганаас алдуурсан
Хэлбэртэй хэлбэргүй цагын чулууг
Газарт унахаас урьтаж
Гартаа атгахаар ээж минь учирсан
Ганцхан нар сэтгэлд илчгүй
Гээгдэж өнгөрсөн зуурдын дэнсийг
Эн тэнцүүлэх гэж
Тэндээс энэ хүрэх,тэгээд цааш алхах
Тавилангийн мөн чанарыг хүртээх гэж
Эцэг эх минь сүйн жим холбосон
Он жилүүдийн араас нэхэж
Орон зайн дутууг нөхөх гэж
Орь ганцын сүүлч дээр
Ижилсэхийн утга
Ижий аав болсон
Түүдэг бөхөж,насны нуруу алжаахын цагт
Түнэрийн тэртээд өчүүхэнг дүүргэх гэж
Өчигдөрөөс тасдаж,өнөөдрийн,маргаашд
Өөрсдийнхөө үргэлжлэлийг зурсан
Бийр будаггүй зураачдын
Бэхний ч дусалгүй хүний хэлтэрхий
Би маргаашийн бас тэдний
Орших,одохын шалтгаан нь....
No comments:
Post a Comment